Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас, “Камдер” компанид явган хүний замыг авто машины зогсоол болгосон гэх асуудлаар удаа дараа шаардлага тавьсан талаар мэдээллээ.
УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон гэх асуудлаар бид өмнө нь сурвалжилж байсан. Тухайн үед Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас энэ асуудлаар яриа өгөх мэргэжилтнүүд томилолтоор орон нутаг руу явсан гэх хариуг бидэнд өгөөд байсан юм.
Улмаар өрөг.мн-ий сурвалжлах баг энэ асуудлыг нэхэн сурвалжилж нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын, хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн А. Энхнаран гэх хүнээс тайлбар авлаа.
Тэрээр, “2017 онд “Камдер” компаниас манай байгууллагад барилга байгууламж барих хүсэлтийг гаргасан. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тухайн барилга байгууламжийн загвар зургийг баталсан юм. Баталсан загвар зураг дээр дугуйн болон явган хүний замыг тусгасан боловч одоогийн байдлаар дугуйн байтугай явган хүний ч зам байхгүй байна. Иймд бид 2018 2019 2020 онд “Камдер” компанид энэ асуудлаар шаардлагыг удаа дараа хүргүүлсэн” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл “Камдер” компаниас, зураг төслийн дагуу явган хүний болон дугуйн зам барих ёстой ч зам шинээр барих нь бүү хэл байсан замыг нурааж, зогсоол болгожээ.