Мөрийтэй тоглоом гэхээр ширээний ард олон хүн тойрч суугаад хөзөр дэлгэн, хасаа шидэлцсэн дүр зураг буудаг. Харин техник технологийн хөгжлийн хэрээр мөрийтэй тоглоом гар утас, таблет, компьютер руу шилжиж, улмаар энэ нь мөрийтэй тоглоомоос ч хальж залилан болоод байна. Танд оюун ухаан аз шаардах мэтээр итгүүлж, таны тоглоомыг удирдаж, давтагдан даамжирсаар таныг донтсоны дараа амьдралыг нь тань залгих залилангийн тухай эрэн сурвалжилсанаа үзүүлье.
2020 онд л гэхэд ЭЦГ-ынхан нэг тэрбум 900 орчим сая төгрөгийн үнэ бүхий эд зүйл, бэлэн мөнгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.Үүнээс харахад цахим мөрийтэй тоглоом гэгчид ямар их хэмжээний мөнгө эргэлддэг энэ хэрээрээ ямар их хүн амьдралаа алдаж байгааг харж болно. Илүү дэлгэрүүлбэл 2020 онд цагдаа нар 180 орчим вэб хуудас, сайт, пэйж акаунтыг илрүүлж, нийт 8 газрын үйл ажиллагааг шалгаж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Шалгалтаар бэлэн мөнгө хоёр зуун дөчин найман сая нэг зуу/ хэргийн холбогдогч болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй хагас тэрбум төгрөгийн өртөг бүхий 6 орон сууц, хоёр зуун сая гаруй төгрөгийн 3 машин, хадгаламжийн дансанд байсан найман зуун гучин зургаан сая хоёр зуун мянга төгрөг хураажээ.
Бид энэ сэдвээр эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэсний учир нь сүүлийн гурван жилийн хугацаанд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчид өсөж, хохирогчид ч үржүүлэхийн хүрдээр бодож буй мэт нэмэгдэж байгаа юм. Хамгийн гол нь үнэхээр тоглож, оюун ухаанаа сориод байгаа юм биш. Харин залилуулаад байгаа юм.
- 2017 онд мөрийтэй тоглоомтой холбоотой нийт 72 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 42 гомдол, мэдээллийг шалгаж
- 2018 онд нийт 276 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 150 гомдол, мэдээллийг шалгаж,
- 2019 онд нийт 307 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 171 гомдол, мэдээлэлд тус тус зөрчлийн хэрэг нээж шалгасан байна.
Мөрийтэй тоглоом зохион байгуулах үйлдлийг зөрчлийн хуулийн дагуу торгоод өнгөрдөг байсан бол 2017 онд эрүүгийн хуулиас хасч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр мөрийтэй тоглоомыг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж эхэлсэн юм.