Тархины саажилт, тархины эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, эрүүл мэндийн нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний түвшинг сайжруулах шаардлагатай байгаа талаар “Эрхэм нандин сувд”, "Итгэлийн мод", “Ээлтэй ертөнц” ТББ-аас мэдээллээ.
Энэ үеэр “Эрхэм нандин сувд” ТББ-ын гишүүн Э.Болортуяа, “Тархины саажилттай, 100 хувь эдгэрэх боломжтой хүүхдүүдийг Монголд ямар ч найдваргүй гэж оношилдог. Миний хувьд хүүхдээ Монголд 5 жилийн турш эмчлүүлсний эцэст найдваргүй гэх хариуг авсан. Ингээд хүүхдээ Герман улсад оношлуулахад эдгэрэх боломжтой гэдэг онош гарлаа. Үүнээс үзэхэд төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүдэд зориулсан дэмжлэг, халамж маш дутмаг.
Мөн эмнэлгүүдэд оношлуурын тоног төхөөрөмж хангалттай байхгүйгээс үүдэн тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч тэдний ар гэрийнхэн санхүүгийн хямралд ордог. Энэ асуудлыг шийдэж дорвитой алхам хийх шаардлагыг бид төрийн түшээдэд тавьж байна” гэлээ.
Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдэд хийх эмчилгээ байдаггүй. Зөвхөн өвчин намдаах, таталтыг зогсоох эм л гэж байдаг. Гэвч тухайн таталтын эсрэг эм бэлдмэлүүдийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан талаар тархины саажилттай хүүхдүүдийн асран хамгаалагчид мэдээлж байна.
Иймд төр засгаас тархины саажилттай хүүхдүүдийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалж дэмжсэн дорвитой ажлыг хийх шаардлагатай байгаа юм.