ШӨХТГ татварын байгууллагатай хамтран өнөөдрөөс нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт олголтыг шалгаж эхэллээ.
ШӨХТГ үүний өмнө иргэдийн гомдлыг дагуу зах, худалдааны төвүүдэд мэдэгдэл хүргүүлсэн юм. Тодруулбал, иргэд зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулж буй газрууд НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа талаар гомдол ихээр ирүүлэх болсон тул зах, худалдааны төвүүдийг НӨАТ-ын баримт олгох (өгөх) тогтолцоонд шилжүүлэх ажил зохион байгуулахаар болж, энэ талаар мэдэгдэлдээ онцлон анхааруулаад байна.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ татварын байгууллагатай хамтран хяналт шалгалт хийж, шат дараалсан арга хэмжээг авч эхлэхээ мэдэгдсэн юм. Баримтжуулж баталгаажуулсан гомдлын дагуу Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахаа хэлж байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.19-т Татварын хууль зөрчих талаар холбогдох зохицуулалтыг тусгасан. Үүнд тухайлбал: Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд:
- Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь,
- Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Мөн Зөрчлийн хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг 1.5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 15 сая төгрөгөөр торгохоор тус тус тусгажээ.