Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ, НОБГ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” аянг Чингэлтэй дүүрэгт эхлүүллээ.
Аяны хүрээнд ОБЕГ, НОБГ болон төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 700 алба хаагч Чингэлтэй дүүргийн гэр хороолол бүхий 13 хороонд угаарын хий болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх юм. Мөн гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих үзлэг шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.
Аяны нээлтийн үеэр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Агаарын бохирдлыг бууруулахын тулд төр засгаас олон ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлж байна. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд бид агаарын бохирдлыг 50 хувь хүртэл бууруулж чадсан. Иргэдийн оролцоогүйгээр бид агаарын бохирдлыг бууруулж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, угаарын хий мэдрэгчээ зөв ашиглан, пийшин зуухныхаа битүүмжийг шалгаж эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай” хэмээлээ.