Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэхээр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн холбогдох Ажлын хэсгийн 36 дугаар чуулган цахимаар боллоо.
Чуулганд Монголын талаас Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид цахимаар оролцож, илтгэл хэлэлцүүлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гишүүн 192 орны хүний эрхийн нөхцөл байдал, нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг хэлэлцэх зорилгоор гишүүн орон бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4.5 жил тутам хэлэлцэх “Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг (UPR – Universal Periodic Review)”-ийг хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс нь НҮБ-ын Хүний эрхийн хороогоор Хүний эрхийн төлөв байдлын үндэсний анхны илтгэлээ 2010 онд хэлэлцүүлж байжээ.
Харин хоёрдугаар илтгэлээ 2015 онд хэлэлцүүлж байсан бөгөөд үүнээс Монгол Улсын Засгийн газарт 12 чиглэлээр нийт 150 зөвлөмжийг өгчээ.
Тодруулбал, Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 2 дахь илтгэлтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хангахтай холбоотойгоор цаазын ял, эрүүдэн шүүх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүд, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар зөвлөмж өглөө.
Мөн түүнчлэн жендерийн бодлого, хүн худалдах, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хоол хүнсний аюулгүй байдлын асуудал, хууль зүйн туслалцаа, олон улсын гэрээ хэлэлцээр, хүүхэд хамгаалал, уул уурхай, байгаль орчны асуудал, ялгаварлан гадуурхах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг зөвлөмжийг өгч байсан байна.
Энэ хүрээнд Засгийн газраас Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний 3 дахь илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2020 оны 2 дугаар сард хүргүүлээд байсан билээ гэж ХЗДХЯ-наас мэдээлэв.