“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг 2017 онд боловсруулан батлуулж амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцны санг бий болгож орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг анх удаа цахим хэлбэрт шилжүүлэн энгийн түрээс болон түрээслээд өмчлөх орон сууцны хэлбэрийг нэвтрүүлэн нийт 6235 иргэнийг хамруулаад байна. Мөн шинэ төрлийн коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэхээр галын шугамд ажиллаж байгаа “Төрийн албан хаагчдыг түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцаар хангах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу 1000 албан хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Сөүл хотын орон сууц, олон нийтийн корпораци, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Олон улсын санхүүгийн корпораци, БНСУ-ын Экспорт импортын банк, Уур амьсгалын ногоон сан, Өндөр технологын сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж орон сууцны бүтээн байгуулалтад нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг бий болгоод байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд нийт 1960 айлын орон сууцны төвлөрсөн инженерийн шугам сүлжээ болон барилга угсралтын ажил өрнөж байгаа бөгөөд 2020 оны 4-р улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Мөн иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг санаачлан өнгөрсөн оны 11-р сард эхлүүлэн хагас жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 9,10 дугаар хороонд нийтдээ 6,4 га газарт 125 нэгж талбар, Баянзүрх дүүргийн 19-р хороо Цайз орчим 4,5 га газарт 81 нэгж талбарт буюу нийтдээ 720 гаруй иргэд эзэмшил газраа орон сууцаар сольж шинэ орон сууцандаа орсон байна. Дээрх байршлын иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил 90 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд 500 орчим айлын янданг бодитойгоор буулгажээ.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга хот байгуулалтын сайд дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Д.Мөнхжаргал, НИТХ-ын Тэргүүлэгч Ш.Үнэнбат, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн зохицуулагч Д.Авирмэд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг ийнхүү эхлүүлж байна.