Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдоос шүүх эмнэлгийн үзлэгийн төлбөрт 10 мянган төгрөг хураадаг байсан зохицуулалтыг халсан талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/-өөс мэдээллээ.
Энэ талаар ХЭҮТ-ийн захирал Н. Арвинтариа, “Хохирогчийг өмнө нь том өрөөнд суулгаж, олон ажилтнууд нэгэн зэрэг тодруулга авдаг байсан юм. Харин одоо тусгай өрөөнд суулган ганцаарчлан уулздаг давуу талтай болсон. Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх нь төрийн үйлчилгээ юм шүү дээ. Тиймээс хохирсон хүн бүр төлбөр төлнө гэдэг байж боломгүй зүйл. Манай улсад нэг өдөрт л 5-7 эмэгтэй хүчиндүүлдэг. Үүнд ихэвчлэн бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид байдаг. Тэдэнд манай төвийн зүгээс нийгмийн хамгаалал, хуулийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Хохирогчид ХЭҮТ-ийн хамгаалалтын байранд доод тал нь 7 хоног байрлаж өмгөөлөгч үнэ төлбөргүй ажилладаг” гэв.
Энэ оны байдлаар тус төв нь 1000 гаруй хүнд үйлчилсний 50 гаруй хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид байгаа юм. Харин тухайн байгууллагын төсвийн 20 хувийг төрөөс гаргадаг аж.