“Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн ажиллагаа нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үргэлжилж байна.
Энэхүү ажлыг Нийслэлийн онцгой байдлын газар, Сонгинохайрхайн дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах 105 дугаар ангийн 700 гаруй алба хаагч гүйцэтгэх юм.
Одоогоор Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын 35 хорооны 72 мянга 240 орчим иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга зүйн зөвлөгөө өгч, өрхийн аюулгүй байдалд хяналт, шалгалт хийсэн байна.
Өрхийн галын аюулаас урьдчилан сэргийлэх шалгалтын үеэр цахилгаан дамжуулах утас, олон залгуур гэмтсэн, үнс нурмаа ил задгай асгасан, яндангаа буруу залгасан, угаар мэдрэгч гэмтсэн, пийшин зуухны амны доор металл хуудас байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.