Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болдын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
Удахгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ой тохиох гэж байна. Та бол Монголын парламентын түүхтэй салшгүй холбоотой хүн. Харин Ерөнхийлөгчийн гэх институцид ажиллаад удаагүй байна. Онцлог, ялгаатай зүйл олон байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Би 1990 оноос хойш таван парламентад гишүүнээр сонгогдон ажилласан.
Мөн гурван Засгийн газарт сайдаар ажиллажээ. Одоо Ерөнхийлөгчийн багт зөвлөх хийж байна. Монгол Улсын төрийн гурван том институцид өөрийн ажил, амьдрал хөдөлмөрийг зориулж яваадаа баяртай байдаг. Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Төрийн зохион байгуулалтыг шинэчиллээ.
Мөн шүүхийн тухай хуулийн төслүүд яригдаж байгаа. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ цаг үед Ерөнхийлөгч Х.Баттулга парламент, Засгийн газарт олон жил ажилласан туршлагатай хүмүүсээр зөвлөхийн багаа бүрдүүлсэн нь учиртай. Намын нөхөд болох С.Ламбаа, Я.Санжмятав нартайгаа хамтран энэ хүндтэй албанд зүтгэж байна. Ерөнхийлөгчийн алба бол Ардчилсан хувьсгал ялсны дараагаар цоо шинээр бий болсон институц. Өнгөрсөн гучин жил таван Ерөнхийлөгч дамжиж, энэ алба бэхжиж ирлээ. Үндсэн хуулийн дагуу сонгодог утгаараа Төрийн үүргээ гүйцэтгэж ирлээ гэж дүгнэж болно.
Та Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг аваад багагүй хугацаа өнгөрчихлөө. Ямар ажил амжуулав?
-Ерөнхийлөгчийн хувьд батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бодлого хамгийн чухал асуудал байдаг. ҮАБЗ-өөр хэлэлцэх асуудлуудад бэлтгэх, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар зөвлөмж гаргаж байна. Төрийн тэргүүний зөвлөх хүн юу хийх ёстой, ямар эрх зүйн хэм хэмжээнд ажиллах уу тэр хүрээндээ л ажиллахыг хичээж байна.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд ихэд анхаарч байгаа?
-Тийм шүү. Би өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга,хот байгуулалтын сайд байлаа. Тэр үеэс л цэргүүдээ бүтээн байгуулалтын ажилд дайчлах ажлыг хэрэгжүүлэхийг хичээж ирсэн. Бид хууль, эрх зүйн асуудлыг шийдэх, хөрсийг нь бий болгох ажлыг 10 жилийн өмнө эхлүүлж чадсан. Одоо цэргүүд маань бүтээн байгуулалтын эзэд болж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн ганцхан жилийн дотор 600 км төмөр замыг тавьж чадлаа. Ийм улс орон дэлхийд байхгүй. Тэгэхээр Ерөнхийлөгч сайд байхдаа барьж авсан ажлаа Төрийн тэргүүн болоод улам төгөлдөржүүлж, илүү далайцтайгаар хэрэгжүүлж чадсан нэг жишээ нь энэ юм. Цаашид зэвсэгт хүчнээ хөгжүүлэх, чадавхийг нь нэмэгдүүлэх томоохон хуулийн шинэчлэлүүдийг хийхээр парламент, холбогдох яамд ажиллаж байна. Ерөнхийлөгч тэднийг хөтлөн, чиглүүлж байна. Энэ нь улс төрийн зөв тогтолцоо юм. Ерөнхийлөгч гэхээр билгэ тэмдгийн чанартай биш, өөрөө ажлаа санаачлан, хөдөлгөдөг байх хэрэгтэй. Мөн сая Төрийн тэргүүн өвөлжилт хүндэрсэн асуудлаар шуурхай хурал зарлаж, холбогдох арга хэмжээг авлаа. Ер нь энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Бид өмнө нь урьдчилан харж чадахгүйгээр олон толгой малаа үрэгдүүлдэг байв. Одоо тэр цаг үе өнгөрсөн. Төр засаг, малчдын зүгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч чадвал ямар ч өвлийг өнтэй давах боломж байна. Үүнийг Ерөнхийлөгч олж харж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллалаа. Мөн цар тахлын үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, Монгол Улс хилээ хаасан. Маш хурдан арга хэмжээ авч чадсан. Түүний хүчинд өнөөдөр бид дотооддоо өвчлөлөө алдаагүй, ганцхан орон гэж дэлхийд нэрлэгдэж байна. Ер нь төрийн байгууллууд аливаа асуудлаар бие биедээ бичиг цаас шидээд суух биш, шуурхай шийдээд явах нь чухал юм байна. Төрийн тэргүүн ийм л зарчмаар ажиллаж байгаа. Ерөнхийлөгч 30 жилийн ойн өмнө Монгол Улсаа бүтэн тойроод ирлээ. Иргэдийнхээ санал бодлыг сонслоо. Ээжүүддээ одонг нь хүндэтгэлтэйгээр гардууллаа. Энэ бол Монгол Улсын түүхэнд шинэ зүйл. Одоогийн Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ их л ойрхон ажиллаж байна. Ерөнхийлөгч гэхээр тээр хол, бэлгэ тэмдгийн чанартай байсан албыг илүү ард түмэн рүү, амьдрал руу ойртуулж чадсан.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай яриа хүртэл гарч байлаа. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Ийм асуудал ганцхан Монголд ч биш олон улсад яригддаг зүйл. Парламентын нэр хүнд унаад ирэхээр олон нийт Ерөнхийлөгчид илүү эрх мэдэл өгөхийг хүсдэг. Засгийн газар нь мөн хүчгүй болохын цагт Ерөнхийлөгчид найддаг. Ийм л үзэгдэл манайд болж өнгөрсөн. Түүнээс биш манай улс парламентын засаглалаас ухрах ёсгүй юм. 1990 онд яалт ч үгүй л энэ засаглалыг сонгосон. Үүнийгээ цаашид бэхжүүлээд л явна. Ингэхдээ мэдээж хүчтэй Төрийн тэргүүнтэй байх ёстой. Ингэлээ гээд нэг хүнээс хэт хамааралтай байж болохгүй. Ардчиллын зарчмаараа явах ёстой. Мөн төрийн ажил эзэнгүй байх ёсгүй. Хэн нь хамаарах гээд байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй байдлаар маш олон ажил царгалддаг. Энэ гажуудлыг засаад явах нь зүйтэй юм.
Хүчтэй Ерөнхийлөгчөөс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй Ерөнхий сайдтай боллоо гэдэг асуудал яригдаж байна?
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэн нэгэн хүчтэй, нэг нь хүчгүй болсон асуудал байхгүй. Ажил бүрийг эзэнтэй болгох асуудлыг л бид Үндсэн хуульдаа тусгасан. Хэн ч хариуцахгүй дундаа хаядаг зүйл үгүй болсон. Сайд нарын томилгоог гэхэд Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар ч хариуцдаг байсан. Ийм үед дандаа найраа, наймааны сайд нар орж ирдэг байв. Энэ нь цаашлаад Засгийн газрын нэр хүндийг унагах гол шалтгаан болсон. Харин Ерөнхий сайдад байх ёстой эрх мэдлийг нь өгсөн шиг өгснөөр тэр танхимаа бүрдүүлж байна. Эргээд танхимын гишүүддээ хариуцлага тооцож байна. Ерөнхийлөгч, парламентад ч байх ёстой эрх мэдлийг нь өгсөн шиг өгсөн. Энэ нь тохиолдлын хууль батлах байдлыг үгүй болгосон. Мөн парламентын хяналтын тогтолцоог бий болгож чадсан. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэн нэгэн ажлаас зугатаахгүй, хариуцлагаас зугатахгүй байдал бий болсон. Ер нь Үндсэн хуулиа 30 жилийн энэ үечлэл дээр өөрчилсөн нь зүгээр ч нэг тохиолдол биш байв. Бид өнгөрсөн 30 жилийнхээ сайн мууг шүүж, дараагийн 30 жилийнхээ өнгө төрхийг тодорхойлсон ийм өөрчлөлт болсон гэж хардаг.
УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Та нэр дэвшиж өрсөлдсөн. Ямар сонгууль болж өнгөрөв?
-Сонгуулийн үр дүнд дахин нэг нам давамгайлсан парламент бүрдээд байна. Манай улсын сонгуулийн тогтолцоо тодорхой хэмжээнд нөлөөллөө. Мөн сонгуулийн санал хураалт шударга болсон эсэхэд эргэлзсэн хэвээр л байна. Ард түмэн маань нэлээд тэнцвэртэй сонголт хийсэн гэж харсан. Гэвч төрийн зохион байгуулалтын тухайд ухралттай сонгууль боллоо. Цаашид сонгуулийн тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.
Удахгүй АН-ын их хурал болох гэж байна Та АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн үү?
-Би гишүүнчлэлээ сэргээгээгүй байна. Намайг намаас хөөсөн тогтоол нь хүчинтэй хэвээр байгаа. Тэгэхээр намын их хурлын тухай тодорхой мэдээлэл байхгүй байна. Сая болж өнгөрсөн сонгуулиуд юу харуулсан гэхээр АН-д иргэдийн 60 хувь нь итгэл хүлээлгэж байна. МАН-д 40 хувь. Энэ бол батлагдсан асуудал. Харин АН дотооддоо нэгдэхгүй л бол хэзээ ч нар үзэхгүй юм байна. УИХ-ын сонгуулиас сургамж авахгүйгээр орон нутгийн сонгуульд ороод л ялагдал хүлээлээ. Бид ингэж тарж байж 1992 онд гудамжинд гарч байлаа. 1996 онд нэгдээд ялсан. 2000 онд дахин салаад л сонгуульд ялагдсан. 2004, 2008, 2012 онд амжилттай гарч ирсэн. 2016 онд дотооддоо үзэлцсэн дахиад л бүтэлгүйтлээ. 2020 онд ч ойлгосонгүй, ялагдлаа. Бид нэгдэх гэдэг нэг л зүйл дээр алдаад байна. Түүнээс биш намын шинэчлэл, дүрэм, даргын асуудал биш юм аа. Бид үзэл санаа, үнэт зүйл дээрээ нэгдэж байж, шинэчлэл хийж чадна. Хувь гишүүний амбийцаар хандаж явбал АН-д цаашдаа ирээдүй байхгүй болчихлоо.
МАН Ерөнхийлөгчийн өргөн барьж батлуулсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгох тухай яриад эхэллээ. Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-өөр чөлөөлдөг байж болохгүй гэж үзэж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?
– Хууль батлах нь парламентын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ тэд шүүх гурван хүнээс хараат болчихлоо гэж яриад байна. Өмнө нь нэг л хүнээс хараат болчихсон байсан шүү дээ. Тэр хүнээс хараат байхдаа ямар ч гэмт хэрэг үйлдээгүй хүмүүст ял өгчихсөн л байсан. Эрүүдэн шүүсэн асуудлаар Монгол Улс дэлхийн дахины шившиг болсон. Өнөөдөр нэг хүнээс биш гурван хүнээс хараат болсны үр дүнд авлигын олон хэрэг шийдэгдэж байна. Өмнө нь нэг ч албан тушаалтан ял авдаггүй байхад хараат биш байсан гэж яриад байгааг ойлгохгүй байна. Одоо бид Шүүхийн хуулиа илүү сайжруулмаар байна. Хүчингүй болгох байдлаар хандах нь ухралт болно.
эх сурвалж: President.mn