Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нар танилцуулсан.
ЕБС-ийн сурагчдын амралтын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн МЭДЭЭЛЭХДЭЭ, "12 дугаар сарын 18-н хүртэл хичээллээд хоёрдугаар сарын 1-н хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар улирлын хичээл эхэлнэ.
COVID-19-ийн нөхцөл байдал хүндэрвэл цахимаар хичээллэх бэлтгэлээ бэлдчихсэн байгаа. ЭМЯ-тай хамтраад эрүүл сургууль, эрүүл цэцэрлэг гэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. Аль болохоор танхимын хичээлийг үргэлжлүүлэх нь үр дүнтэй гэдэг дээр санал нэгдэж байгаа" гэлээ.
Өөрөөр хэлбэл сурагчид нийт 48 хоног амрах нээ. Сурагчид ийнхүү олон хоног амарснаар хичээл хоцрогдох эсэх талаар бид БШУ-ны дэд сайд Г.Ганбаяраас утсаар тодрууллаа. Тэрээр, "Нэг жилийн өмнө Ё.Баатарбилэг сайдын үед сургуулийн хичээлийн хуваарийг дөрвөн улиралтай байсныг өөрчилж, гурван улиралтай болгох шийдвэр гаргасан. Эртнээс төлөвлөж бэлдсэн байсан ажил юм. Учир нь энэ жил хөдөө орон нутагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа. Мөн томуугийн дэгдэлт хамгийн өндөр сарууд, ковид-19 дэгдэж болзошгүй үед ийнхүү сурагчдаа амрааж урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Ингэж амрааснаар сурагчид хичээл хоцрогдох зүйл байхгүй. Учир нь 1,2-р улирлын амралт үүнд багтсан. Улсынхаа цаг уурт тааруулан хичээлийн хуваарийг дөрвөн улирал байсныг өөрчилж гурван улирал болгосон. Үүндээ уялдуулж хичээлийн хөтөлбөрөө зоосон тул санаа зовох зүйлгүй" гэв.