Энэ сарын 3-нд “E-NDAATGAL цахим хөтөлбөр” сургалтын нэгдүгээр шат Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өнөөдөр боллоо.
Нийгмийн даатгалын байгууллага нь цахим үйлчилгээг хөгжүүлж, иргэд даатгуулагчдад шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх гар утасны аппликэйшн, цахим архив, сайн дурын даатгалын цахим систем зэрэг 60 гаруй программ хангамж хэрэглээнд ашиглаж байна.
Сургалтаар дээрх системийн талаар нэгдсэн ойлголт өгөх зорилготой. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт энэ үеэр хэлэхдээ, “Засгийн газар олон шинэ санаачилга, үйлчилгээний болон бодлогын өөрчлөлт хийж байгаа ч эцсийн үр дүнг даатгуулагчийн сэтгэл ханамж илэрхийлнэ. Иймд иргэдтэй ойр ажилладаг байцаагч, ажилтнууд нэгдсэн ойлголт, мэдлэгтэй байх нь чухал”-ыг онцоллоо. ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Төрийн албан хаагч бол төрийн нүүр царай. Иргэн үйлчилгээ авахын тулд хүнд сурталтай нүүр тулах ёсгүй. Иймд харилцаа, хандлагаа сайжруулж, иргэн бүрт сэтгэлээсээ үйлчлэх шаардлагатай” гэв.
Сургалтад НДЕГ болон дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага, үйлчилгээний тасгийн дарга, тэтгэвэр, тэтгэмж, орлого шимтгэл, хяналт шалгалт, сайн дурын даатгалын байцаагч, сургалт хариуцсан мэргэжилтэн, архивын гээд 100 гаруй албан хаагч оролцлоо.