Эх нутаг, хүн зоноо хамгаалах ТББ-аас хүүхдийн эрхийг хамгаалахад төр засгийн хийж зохион байгуулах ажил дутмаг байгаа талаар мэдээллээ. Энэ үеэр Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн Б.Мөнхжаргал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийг нийгэмд ялгаварлан гадуурхдаг талаар хөндөж ярив.
Тэрээр, “Миний хувьд хоёр найздаа зодуулаад хараагүй болсон. 1994 онд би ээжээсээ төөрөөд траншейны хүүхдүүдийн эгнээнд шилжсэн юм. Тэр үеэс найзалсан найз маань миний нүдийг ийм болгочихсон л доо. Хэрвээ тухайн үед төр засаг хүүхдэд ээлтэй байсан бол би ийм байдалд орохгүй л байсан биз.
Архидалттай, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд дараа нь яргачин болж хувирдаг гэх үгийг би онцолж хэлмээр байна. Үүнийг нийгэмд гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэс буюу хорооны нийгмийн ажилчид сэтгэл зүйчид бүгдээрээ ярилцах ёстой юм.
Мөн яагаад хүүхэд аав ээж нь хөгжлийн бэрхшээлтэй байлаа гээд ад үзэгдэх ёстой гэж. Хүүхэд энэ асуудлаар хавчигдаж дооглуулах ёстой юм уу? Танай аав чинь хөгжлийн бэрхшээлтэй гээд хэлбэл тэр хүүхдийн зүрхэнд юу мэдрэгдэх бол оо? Энэ зүйлийг л би өнөөдөр хөндөж яримаар санагдсан. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ зөв хүмүүжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэнээр доог тохуу хийж болохгүй гэх зүйлийг сургах хэрэгтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн “Эх нутаг, хүн зоноо хамгаалах ТББ”-ын тэргүүн Б. Хандсүрэн, “Хүүхдээ хайрлаж чадахгүй юм бол аав ээж байгаад яах юм. Иргэнээ хайрлаж чадахгүй юм бол төр байгаад яах юм. Архидалтаас болоод хүчирхийлэл үүсээд байна. Энэ тал дээр анхаарах ёстой. Мөн хороо дүүрэг сум багийн хороодын нэгж дээр сэтгэл зүйч нийгмийн ажилтныг маш сайн бэлдэж, тулж ажилладаг байх хэрэгтэй” гэлээ.