Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 10 алба хаагчид хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд орох эрхийн бичиг гардуулав.
Эдгээр алба хаагчид коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын иргэдийг гадаадаас зөөвөрлөн авч ирэхэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон нисэх багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн юм.
Засгийн газар, УОК-ын шийдвэрээр халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгой үүрэг хүлээн ажиллаж байгаа 1000 гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад түрээслээд өмчлөх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөрт сонгогдож, эрх авсан алба хаагчид орон сууцаа Нийслэлийн орон сууцны корпорациас тавьж буй холбогдох шаардлагуудад нийцүүлэн өөрөө сонгож, гэрээлэн орох юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламж гардсан албан хаагчдад хандан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ төлөө үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье. Та бүхнээрээ бахархаж байна. Цаашид улам илүү хичээн ажиллаарай ”гэв.