Ногоон, цэнхэр паспорт олон хүний “мөрөөдөл”. Учир нь ийм паспорттай Монгол улсын иргэн Дэлхийн 30 гаруй орноор визгүй зорчиж болно. Бас хэд хэдэн “эрх, ямба” эдэлнэ. Тухайлбал хил гааль нэвтрэхдээ дугаарлах шаардлагагүй. Албан буюу ногоон, дипломат буюу цэнхэр паспортаа үзүүлээд чөлөөтэй нэвтэрнэ. Энэ эрх ямбыг төрийн удирдлагууд, дипломат алба, элчин, консулын ажилтан, тэдгээрийн гэр бүлээс гадна, цөөн тооны албан ажлаар явах шаардлагатай "хурган дарга" нар эзэмшдэг.
Гэтэл эдгээрийн алинд ч үл хамаарах хүмүүс ногоон, цэнхэр паспортыг танил тал, ажил мэргэжлийн давуу байдлаа ашиглан журам зөрчин авдаг, өгдөг талаар цуврал баримт дэлгэж байна.
1. Төрийн соёрхолт, дуучин Д.Болд. Тэр албан буюу ногоон паспорттай. Паспортынх нь дугаар А00006464.
/Дуучин Д.Болд/
2. УИХ-ын гишүүн асан, Монполомент группийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавын хүргэн Г.Алтаннар. Ц.Гарамжав хүргэндээ ногоон паспорт авч өгөхдөө тухайн үеийн сайдаас гуйж, миний орон тооны бус зөвлөхөөр ажилладаг хэмээн авч байжээ.
/Ц.Гарамжавын хүргэн Г.Алтаннар/
3. ЦЕГ-ын дарга асан Р. Чингис. Хүү Ч.Тэмүүн, охин Ч.Есүй нартаа мөн л ногоон паспорт авч өгчээ. Хүү Ч.Тэмүүний паспортын дугаар А00005621 бол охин Ч.Есүйгийн ногоон паспортын дугаар А00005619 байгаа юм. Р.Чингис хоёр хүүхдэдээ ямар байдлаар ногоон паспорт авч өгсөн мэдээлэл одоогоор олдсонгүй.
4. Албан, дипломат паспортыг дипломат биш атлаа журам зөрчин авсан хүмүүст хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд жин дарна. Тухайлбал сэтгүүлч, эвлүүлэгч, телевизийн захирал, зураглаач нар. Сэтгүүлчдийг толгойлж МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Б.Галаарид эхнэрийн хамт ногоон паспорт авчээ. Ингэхдээ МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг гэх хүн тухайн үед паспортыг нь "бүтээж" өгч байжээ.
/Б.Галаарид/
Уншигч та дараах линкээр орж ногоон, цэнхэр паспортыг ямар хүмүүст хэрхэн яаж олгодог журмыг уншаарай. Ингэснээр дээрх хүмүүс шударга бус замаар ногоон, цэнхэр паспорттай болсныг мэдэх юм. https://www.legalinfo.mn/annex/details/11061?lawid=15416
Албан, дипломат паспортыг сайд, дэд сайд гуйсан болгонд нь олгодог юм бол дипломатууддаа олгоно гэж журамлах хэрэг байсан уу. Ногоон, цэнхэр паспортыг хүссэн бүхэнд нь олгож болохгүй, өндөр эрсдэлтэй олон нөхцөл бий. Жишээ нь дипломатын нэр барьж, паспортоороо түрий барьж тамхины наймаа, хар тамхины хэрэг, казино, их хэмжээний худалдан авалт, элдэв төрлийн гэмт хэргүүдэд холбогдох, хутгалдах. Баригдсан тохиолдолд дипломат ажилтан нэрээр хэрэг нь бүртгэгдэх зэрэг эрсдэлтэй. Товчхондоо УЛСЫН НЭР ХҮНД.
Бид журам зөрчиж ногоон, цэнхэр паспорттай болсон хүмүүсийн нэрсийг нэмж тодруулахаар ажиллаж байна. Энэ талаар эргэн дэлгэрүүлэх болно.