Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Эрдэнэт үйлдвэрт ТИТЭМ ҮГ номоо 1000 ширхгээр “шахаж” 25 сая төгрөг авсан гүйлгээг ШИЛЭН ДАНСНААС харж болно. Өөрөөр хэлбэл ТИТЭМ ҮГ номын нэг ширхгийг 25.000 төгрөгөөр үйлдвэрт арилжжээ. 2019 онд Мөнхийн үсэг компаниар хэвлүүлэн гаргасан энэхүү номын мэдээлэл харамсалтай нь интернэт орчинд бага байна.
Н.Багабанди Ерөнхийлөгчийн сэнтийгээс буугаад 15 жил болж буй ч саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрт номоо шахах хэмжээний “нөлөөтэй” хэвээр байсаар байгаа нь эл үйлдлээс харагдана. Өөрөөр хэлбэл улс төрийн ертөнцөд нэр нүүрээ ил гаргаад явахгүй ч хөшигний ард "амьд" байгаа нь энэ.
Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн хүчтэй буюу Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийн хэмжээ нь бяр суулгасан У.Хүрэлсүх бол Н.Багабандийн гарын шавь, улс төрд хичээл заасан хүмүүсийнх нэг. Тиймдээ ч Оюутолгойн ТУЗ-д Засгийн газраас томилдог гурван хүний нэгээр Н.Багабанди улирч чадсан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Оюутолгойн ТУЗ-д буй гурван хүний сарын цалинд 100 мянган доллар төсөвлөдөг тухай мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл Н.Багабанди сард 33.3 мянган долларын цалинг авдаг болж таарч байгаа юм. Гэвч Монгол улсыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-д суух Н.Багабанди Оюутолгойтой холбоотой олон маргаан, мэдээлэл гарч байхад нэг ч удаа ган хийж үг дуугаралгүй дөрвөн жилийн нүүр үзэж буй.
Хийгүй, хууль зөрчдөггүй, титэм үгсээрээ ард түмний оюуныг мялаагч зэргээр үнэлэгдэж байсан Ерөнхийлөгч асан маань саалийн үнээгээ саалцаж, өндөр цалинтай ТУЗ-ын гишүүний суудлаа авч үлдсэн нь “хийтэйг” нь нотлох хоёр үйл боллоо.
Тэр дөрвөн цуврал гаргасан ТИТЭМ ҮГ номдоо "Шуналын дон шүглэсэн хүн ариун гэгээн бүхнээ хог дээр хаяж, буяндаа бузар хийн, бурхандаа нүгэл үйлдэгч болон төрөл арилжина. Шунал гэдэг бол аюултай бөгөөд хүчтэй зүйл. Үүнээс болж олон хүн үхсэн. Олон ч хүн бузарлагдсан, олон ч хүн араатан болж хувирсан".хэмээн бичиж байжээ.