АНУ-ын Вашингтон ДС хотод соробан сампингийн сургалтын төвийнхөө салбарыг нээн ажиллуулж байгаа “Амар абакус” компанийн захирал Т.Шүрэнцэцэг АНУ-д боловсролын салбарын өргөн зах зээл, боломж байгааг ярьлаа.
Бид Монголд соробан сампингийн сургалт явуулаад 10-аад жилийн туршлагатай болсон. Туршлага дээрээ үндэслэж, АНУ дахь боломжийг хараад энд салбараа нээхээр болсон. Манайх Америкийн зах зээл дээр гараад удаагүй байна. Монголоос Америкийн зах зээл рүү гарч байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ гэхээр энд боломж маш их байна. Монголд бид гуравхан сая хүн амтай зах зээл дээр өрсөлдөх биш, 330 сая хүн амтай том зах зээл дээр ажиллах боломж байна.
Америк руу бид хөрөнгө оруулалтын визээр орж ирэхийн тулд хэдэн зуун хуудас материал бүрдүүлж байсан. Монгол дахь бичиг баримтыг англи хэл рүү болгож, сургалт явуулж, үр дүн гаргаж байснаа батлахын тулд нотолгоо, баримтуудыг хавсаргана. Жишээ нь би өөрөө энэ хичээлийг хэчнээн жил заасан, ямар үр дүн гаргаж байсан, миний зааж байсан хүүхдүүд ямар амжилтууд гаргасан зэрэг бүх л баримт бичгийг бүрдүүлж өгч байсан. Бизнестэйгээ холбоотой материалыг бүрдүүлэхэд алхам тутамдаа л хүндрэл гарч байсан. Гэхдээ түүний ард маш олон давуу талууд гарч ирсэн. Бид сургалтын төвийн үйл ажиллагаагаа жигдрүүлчихээд франчайзинг эрх олгож олон салбартай болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Америкт бизнес эрхлэхэд байршил маш чухал. Бид одоо хүүхдүүдэд сургалт явуулж байгаа ч удахгүй насанд хүрэгчдэд зориулсан сургалтууд нэмнэ. Манай сургалтын төвийн хажууд Амазон компанийн 50 ажилтантай төв байгаа. Софтвэйр инженерүүд, IT-ийн мэргэжилтнүүд манай сургалтууд их сонирхохоор байгаа.
Боловсролын чиглэлийн бизнес учраас давуу тал үүсч байна уу?
Боловсролын бизнес гэхээр Америкчууд маш гоё хүлээж авч байгаа.
АНУ, Вашингтон ДС хот. Зүүн гар талаас: Т.Шүрэнцэцэг, Б.Мөнхням, Н.Туул
АНУ-д бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “MCN Consulting” компанийн захирал Б.Мөнхням:
Америкийн нийгэмд байгаа асуудлыг олж харж, түүнийг шийдвэрлэсэн бизнес л байвал энд зах зээл ч байна, хөрөнгө оруулагч нар ч байна.
Жишээлбэл Америкт алзхеймэр буюу мартах өвчин маш их. Түүнээс сэргийлж, оюун ухаан, сэтгэн бодох чадвар хөгжүүлсэн сургалтууд их эрэлттэй болсон.
Мөн Харвард зэрэг нэр хүндтэй их сургуулиудын элсэгчдийн судалгааг харахаар Ази хүмүүсийн тоо Америкуудаасаа давж эхэлж байна. Энэ нь Америкчуудыг академик боловсролдоо анхаарахыг сануулж байгаа юм. Америк хүүхдүүд хичээлээс гадуурх дугуйлан, спорт, урлагийн хичээлдээ хэт анхаараад, математик зэрэг академик хичээлүүдээ хойш нь тавьсных гэдгийг эцэг эхчүүд ойлгож байна. Тиймээс боловсролын чиглэлийн бизнес, сургалтын төвүүд маш эрэлттэй байгаа.
"Бизнес өрөг" нэвтрүүлгийг бүтэн үзэх линк: https://www.youtube.com/watch?v=rTM81cGUl7U&t=7s