Иргэнээ үл тоож эрх ашгаа тэргүүнд тавьсан улс төрч болон төрийн байгууллагуудын нүдээ олдоггүй шийдвэр шийдлүүдийн нэг нь явган хүний зам.
Тодруулбал, УИХ-ын гишүүн "Оргил"-ын гэх Ж.Ганбаатар Энканто тауныхаа урд байх явган хүний замыг хуулж, явган хүний зам байсан хэсгийг машины зогсоол болгосон юм. Үүнийг уншигч та зургаас харж болно.
/Зургийн эхний хэсэгт явган замтай байх үеийн зураг. Хоёр дахь хэсэг явган замыг зогсоол болгосон байгаа нь/
Алхах замгүй болсон иргэд машины зогсоолоор алхах уу, машин замаар алхаж амь насаараа дэнчин тавих уу гэдэг хоёр сонголттой учраад байна.
Энэ талаар иргэд, “Өмнө нь явган хүний зам байсан газарт машины зогсоол бий болгосон нь иргэдэд хүндрэлтэй байдлыг үүсгээд байна. Жил ирэх тусам л Улаанбаатар хот алхах ч зай талбайгүй болж байна. Машины зогсоол хэрэгтэй ч, явган хүний замыг зогсоол болгох нь буруу шийдвэр. Бид явган хүний замаараа айх айдасгүй амар тайван алхаж хотдоо тухтай амьдармаар байна” гэлээ.
Энэ мэтчилэн явган хүний замыг хааж хашаа хатгах, барилга байшин барих, явган хүний замаа авто зогсоол болгон өөрчилж, иргэдийн эрхийг зөрчсөн үйл ажиллагааны зөвшөөрлийг олгож буй албан газруудыг хэн хянаж, хаанаас хариуцлага тооцдог вэ? Ж.Ганбаатар төсвийн мөнгөөр барьсан явган хүний замыг дур мэдэж, өөрчлөв үү? эсвэл төртэй нийлж явган хүний замыг нураав уу?
Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга А. Нямдаваагаас тодруулахад, “Бид зөвхөн газар эзэмших эрхийн зөвшөөрлийг өгдөг. Тухайн эзэмшлийн газар нутаг дээрээ ямар үйл ажиллагаа явуулах гэж байгааг хянадаггүй. Бидэнд хамаагүй асуудал” хэмээн хариулсан юм. Тиймээс нийслэлийн хот тохижуулалтын газраас тодруулж, лавла гэв. Ингээд бид нийслэлийн хот тохижилтын газраас дээрх асуултын хариултаа авахаар даргынх нь өрөөг хоёр цаг сахисан ч “Энэ асуудлыг хянадаг албан тушаалтнууд хөдөө орон нутагт томилолт авсан. Мэдээлэл өгөх хүн байхгүй” гэсэн юм.
/Энканто тауны урд хэсэг явган хүний замгүй болсон байгаа байдал/
Хийсэн ажлаа сурталчлахдаа амаа булаацалдан ярьдаг эрх баригчид иргэдийн эрхийг зөрчсөн асуудалд хариулт өгөх нь битгий хэл царайгаа ч харуулсангүй.
Бид энэ талаар нэхэн сурвалжилна.