Нийгмийн үзүүлэлтийн 2018 оны түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн 38 хувийг сайжруулсан, хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангасан бол 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй дүн гарчээ.
Энэ талаар БХБЯ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран өчигдөр буюу энэ сарын 29-нд зохион байгуулсан “COVID-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалтын үеэр хөндөв.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Хүн амаа стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламж шинээр барих, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой үйл ажиллагааг хангахаар үе шаттай төсөл хэрэгжүүлж байгаа” гэв.
Харин НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагч Тапан Мишра, “Хөдөө орон нутагт түгээмэл хэрэглэдэг ил жорлон нь аюулгүй байдлыг хангахгүй, халдварт өвчний тархалтыг нэмж байна. Монгол Улс нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүйд анхаарах шаардлагатай” гэлээ.
ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан хяналт шинжилгээний хөтөлбөр (JMP)-ийн мэдээгээр 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн 23 хувь нь гараа савангаар угаах боломжгүй байгаа нь COVID-19 цар тахлын үед эрсдэл дагуулж байна. Сургуулиудын 74 хувийг ундны цэвэр усаар, 63 хувийг ариун цэврийн байгууламжаар хангажээ. Ил жорлон нь хижиг, цусан суулга, гепатит А-ийн зэрэг халдварт өвчний тархалтыг нэмдэг бөгөөд суулгалт өвчин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 6 хувийг эзэлдэг аж.