Өмнө нь 17 хүн амиа алдаж, 763 хүн гэмтсэн гэж мэдээлж байжээ. Баасан гарагт Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгейн тэнгист байжээ.
Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч нь 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.
Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган байгалийн гамшигтай холбогдуулан үг хэлэх үеэрээ хоёр улс гамшигтай нүүр тулах үед Анкара, Афины эв санааны нэгдэл "амьдралын олон зүйлээс илүү үнэ цэнтэй" гэж мэдэгджээ.