Энэ сарын 28-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслийн товч танилцуулгыг хийв. Тэрбээр, өнөөдөр манай улсад өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай, шийдлээ хүлээж буй олон асуудал байна. Түүний нэг нь тэтгэврийн систем юм. Статистикаас харахад нийт тэтгэвэр авагчдын 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл, 53.8 хувь нь доод хэмжээгээр буюу 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улс эх орондоо насаараа ажиллачихаад ийм бага хэмжээнд тэтгэвэр тогтоолгож буй системд заавал салхи оруулах хэрэгтэй. Үүнийг хийж чадахгүй бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа ч энэ байдал арилахгүй, өнөөдөр 30 настай залуу хүн шударга хөдөлмөрөөрөө 30-40 жил ажилласан ч үр хүүхдээсээ хараат, хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй тэтгэвэр авдаг байдал үргэлжилнэ. Тийм учраас өөрчлөлтийг өрнүүлэх, эхлэлийн цэг нь болж чадахуйц тэтгэврийн системийн өөрчлөлтийг санал болгосон хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэв.
Тэрбээр мөн хуулийн төсөл батлагдвал өнөөдөр ажил хийж байгаа хүн тэтгэврийн насанд хүрээд улсаас тэтгэвэр аваад зогсохгүй 2 дахь эх үүсвэрээс буюу зөвхөн өөрт нь зориулсан хуримтлалаасаа тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн, тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барахад тэтгэврийн хуримтлал үр хүүхдүүдэд нь өвлөгдөх боломжтой байхаар тооцоолж хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Тэтгэврийн шинэчлэл бол иргэдийн хамгийн их сонирхдог сэдэв. Одоо Монгол хувийн тэтгэврийн чиглэлээр ажиллаж буй хувийн компаниуд бий. Тиймээс бид хуульд энэ асуудлыг тусгах нь зөв” хэмээсэн юм.
Засгийн газраас тэтгэврийн шинэчлэл хийх багц хуулийн төслийг өргөн бариад хамт хэлэлцүүлэх нь зөв гэдгийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг асуудлыг цогцоор нь шийдвэрлэхгүй бол одоо байгаа тогтолцоондоо сөргөөр нөлөөлөх магадлалтай тул Засгийн газрын төсөлтэй хамт явуулах ёстой гэлээ.
Ийнхүү УИХ-ын гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.