Нийслэл хот байгуулагдсаны 381 жилийн ойн өдрөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлчүүддээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд “Тэртээ 1639 онд хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн орд байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.
Нийслэл хот маань 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэсэн. Түүхэн он цагийн нугачаанд тэнцэж босон хүнд бэрх зам туулан нийслэл хот маань өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Нийслэл хотынхоо хөгжлийн тулгын чулууг анхлан босгож, ямар ч цаг үед тулган дахь галаа бөхөөлгүй бадрааж ирсэн өвөг дээдсийнхээ гавьяа зүтгэл, гарамгай үйлсээр бахархдаг. Нийслэлийн хөгжлийг түүчээлсэн үе үеийн ахмадынхаа үйлс бүтээлийг үр хойч бид мөнхөд үргэлжлүүлж, дэвжээн бадраах учиртай.
Гурван парламент дамжин хэлэлцсэн шинэ Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсны дараах 2020 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлчүүд Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүллээ. Монгол Улсын хүн амын тэн хагас нь ажиллаж амьдарч, сурч боловсорч буй нийслэл Улаанбаатар хотод хэт төвлөрлөөс үүдэлтэй хүндрэл бэрхшээл цөөнгүй бий. Хот төлөвлөлт, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж, тууштай хэрэгжүүлснээр энэ хүндрэл бэрхшээлийг олны хүчээр даван туулж, Монгол үндэсний онцлогоо шингээсэн, тив дэлхий бүс нутагтаа өрсөлдөх чадвартай хот байгуулах боломжтой. УИХ, Засгийн газраар батлуулсан урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгээ үе шаттай хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавихын зэрэгцээ энэ удаагийн сонгуульд нийслэлийн МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэн засаглалын бүх шатанд бодлогын залгамж халаа, уялдаа холбоог сахин ажиллахаа илэрхийлье.
Нийслэлчүүд бидэнд хийсэн ажил их бий. Бүтээснээсээ илүү ихийг бүтээхийн төлөө, эхлүүлсэн томоохон ажлынхаа үр өгөөжийг нийтээр тэгш хүртэхийн төлөө, нүүдэлчдийн соёлын өвөрмөц хэв шинжийг хадгалсан шинэ Улаанбаатар хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн хамтдаа хичээн зүтгэцгээе” гэжээ.