Энэ сарын 28-нд “ITM-2020” (International travel mart) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг нээж, “Ковид ба ковидын дараах үеийн аялал жуулчлал” уулзалтыг Скай ресортод зохион байгууллаа.
Уулзалтын үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой аялал жуулчлал, хямралын дараах үеийн боломж, давах гарц, гадаадын хөрөнгө оруулалт, эко шийдэл, хүн, байгальд ээлтэй аялал жуулчлалын чиг хандлага, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрлийн талаар ярилцав.
Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Аялал жуулчлалын салбар олон бизнесийг хөгжүүлэхээс гадна бидний амьдралын хэв маяг, соёл, өв уламжлалыг таниулж түүх болгон үлдээдэг. Жуулчид улс орны онцлог, ялгааг харах гэж ирдэг. Иймд Монголын онцлогийг аялал жуулчлалд брэнд болгох”-ыг уриалав.
Мөн тэрээр, “Монголын аялал жуулчлал зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутаг, нүүдлийн соёл иргэншилт улс орны, хоёр их гүрний дунд стратегийн ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болон хөгжиж байна. Энэ онд хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсныг биеэр мэдэрч, хор хохирлыг амсаж байгаа салбар нь аялал жуулчлал. Монгол Улс короновирусний халдварыг дотооддоо алдаагүй нь эерэг дүр төрх бүрдүүлж байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед багагүй хохирол амсаж байгаа ч чадал, боломжоороо зохицуулсаар өнөөг хүрлээ. Улс орнууд өөрийн онцлогт тохирсон дотоод аялал жуулчлалыг хөгжүүлж байна” гэлээ.
БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн энэ жил “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор энэ сарын 30,31-нд Мишээл экспо төвд үргэлжлэх юм. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг холбож, шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах энэ үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, гар урлалын компани, музей, амралт сувиллын газар гээд 200 гаруй байгууллага оролцож, өөрсдийгөө сурталчлахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, ногоон зээлийн талаар ч танилцуулах юм.