2019 онд иргэдээс хахууль авч, төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцүүлсэн гэх хэрэгт холбогдсон инженерийг АТГ-аас шалгаж байсан юм. Харин энэ оны хувьд шалгалтын явцад ямар нэг асуудал үүсгэхгүй байх тал дээр Төрийн албаны зөвлөлөөс анхаарч бэлтгэл ажлаа хийсэн талаар сонгон шалгаруулалтын дарга Т. Сосорбарам мэдээллээ.
Тэрээр, "Төрийн албаны шалгалтыг 2013 оноос хойш цахимаар авах болсон. Жил ахих тусам бид цахим системийн чанарыг сайжруулан ажиллаж байна. Мөн цахим шалгалтыг хуулийн байгууллага кодоор нь давхар хянаж байдаг учраас системд хэн нэгэн нэвтрэх боломжгүй. Өнгөрсөн жилийн хувьд, манай инженер хахууль авч шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлсэн гэх мэдээлэл ЦАЦАГДСАН. Гэвч энэ нь системийн гэмтлээс болж шалгалтын дүнг буруу дүгнэсэн асуудал юм.
Түүнчлэн шалгалтын босго оноондоо хүрээгүй иргэд гомдол гаргах явдал их байдаг. Тиймээс шалгалтын хугацаа дуусмагц дүнгийн мэдээлэл нь дэлгэцэн дээр шууд гарч ирэхээр системд шинэчлэл хийсэн. Өөрөөр хэлбэл шалгалт өгч буй иргэд өөрсдийнхөө оноог тэр даруй мэдэх боломжтой" гэв.
Ташрамд, энэ оны байдлаар төрийн албан хаагчдын ерөнхий шалгалт өгөхөөр 16 мянга гаруй иргэн бүртгүүлсэн байна.