Өчигдөр буюу 2020 оны 10-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас УЛСЫН НАЧИН Н.МУСТАФАД ХОЁР ӨРӨӨ БАЙР ОЛГОХ нэртэй, БӨАОНӨГ/202010099 дугаартай тендер зарлалаа.
Тендерийн урилгыг үзвэл 110 сая төгрөгөөр 2020 онд багтаан улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр нийлүүлэх, тендерийг 2020 оны 11-р сарын 25-ний 10 цаг 00 минутаас өмнө ирүүлээрэй гэжээ.
Хамгийн хачирхалтай нь өчигдөр орой энэхүү тендерийн урилгыг хэд хэдэн иргэн цахим орчинд эсэргүүцэж бичсэний дараа өнөө өглөө буюу 2020.10.27-нд тухайн тендерийн урилгыг цахим хуудаснаасаа устгасан байна.
Тендер зарласаныг орж үзэх холбоос энэ байв.
https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1603436245693?fbclid=IwAR3RJfCtvxqxP9-LnL57JG0MpXPr69ov9IaSk9QabYF1VTt4yy9lNMMhmIY
Нэмж мэдээлэхэд Н.Мустафа нь Баян-Өлгий аймгаас төрөн гарсан цөөн бөхчүүдийн нэг. Түүнд 2020 оны 9-р сарын 5-нд Баян-Өлгий аймгийн удирдлагууд 2016 онд баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-ын дагуу начин цол хүртсэн Н.Мустафагийн амжилтыг хоёр өрөө байраар мялаажээ. Мөн “Өлгий хүчтэн” бөхийн дэвжээний Удирдах зөвлөлийн гишүүн, бизнес эрхлэгч Ж.Нурбек хувиасаа улсын начин Н.Мустафад “Land cruiser-200” автомашин бэлэглэсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл хоёр өрөө байр өгөх тендерээ одоо л зарлаж байгаа юу? Эсвэл ахин байр олгохоор тендер зарлав уу?
Баян-Өлгий аймгийн хувьд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 21 аймгаас 13-т эрэмбэлэгддэг. 2019 оны үзүүлэлтээр Баян-Өлгий аймгийн дөрвөн бүлэг оноо буурсан. Аж үйлдвэрийн салбарын борлуулалт, шатахууны үнэ өссөн, төр хувийн хэвшлийн түншлэл муудсан, тендер, авилга хээл хахууль нэмэгдсэн үр дүн гарсан юм. Гэтэл төсвийн мөнгө, татвар төлөгчдийн мөнгөөр 110 сая төгрөгөөр нэг бөхөд байр худалдан авч өгөх нь хэр зохимжтой вэ?
БИД ЭНЭ ТАЛААР ЭРГЭН МЭДЭЭЛНЭ.