УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг өргөн барихаар болжээ. Хуулийн төсөлд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохоор заасныг УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллийн үеэр онцлов.
Өнөөдрийн байдлаар нийт 441 мянган ахмад өндөр настны тэтгэвэр авч байгаагаас 277 мянга 527 нь 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Бага тэтгэвэр авч байгаа ахмадуудын дийлэнх нь социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож хувийн өмч, хадгаламж хуримтлуулаагүй байгаагаас ядууралд өртөх гол шалтгаан болж байгаа юм.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, "Өнөөдөр 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авах нь ахмадуудын амьжиргаанд хаанаа ч хүрэхгүй. ҮСХ-ны гаргасан судалгаагаар өрхийн дундаж зардал 1.5 сая төгрөг гэж дүгнэжээ. Хоёр ахмад нийлээд ч амьжиргааныхаа гуравны нэгийг бүрдүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн. АН хавтгайрсан халамжийн бодлогыг дэмждэггүй. Харин халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой. Эдгээр ахмадууд улсаас халамж гуйж байгаа бус, залуу насандаа хийж бүтээсэн хөдөлмөрөө үнэлүүлж, авах ёстой хууль ёсны тэтгэврээ авч байгаа" гэв.
Хуулийн төсөл нь санхүүгийн эх үүсвэр, хамрах хүрээ, хэрэгжүүлэх журам зэрэг долоон хэсгээс бүрдэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэдэд тэгш, шударга хүртээнэ гэж заасан зарчмыг баримталж байгаа гэдгийг онцолсон. Тодруулбал, цар тахлын улмаас улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед стратегийн орд газруудыг хурдан эргэлтэд оруулах замаар үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар санхүүжилтийн асуудлыг шийдэхээр төлөвлөжээ.