Сонгино хайрхан дүүрэгт цэрэг татлагын ажил 80 орчим хувьтай үргэлжилж байна. Энэ жилийн тухайд залуусын идэвх оролцоо сайн байгааг комиссын гишүүд онцолж байлаа. Цэргүүд цалин авч, хадгаламжтай халагдаж байгаа нь идэвх оролцоонд эерэгээр нөлөөлж байгаа юм байна. Комиссоор орж буй залуусын олонх нь барилгын цэргийн ангид алба хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Үүнээс гадна алба хаагчдыг төмөр замын ажилд дайчилж цалин олгож байгааг комиссын үүдэнд цугласан эцэг эхчүүд онцолсон.
Мөн ирээдүйд төрийн албан хаагч болох хүсэл эрмэлзэлтэй оюутнууд сургуулиасаа жилийн чөлөө авч цэргийн алба хаахаар шийдсэнээ хэлж байв. Тэдний олонх нь хилийн цэрэгт алба хааж эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийг илүү мэдрэхээр яарч буйгаа илэрхийлж байлаа.
Үзлэгээр орж байгаа залуусын биеийн хөгжил хэвийн байгаа ч бэлгийн замын өвчлөл нийтлэг тохиолдож буйг онцолсон юм.