Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооноос, Консерваторийн хашаанд байгаа газар дээр, хийлгэсэн зураг төслийн дагуу Циркийн сургуулийн барилгыг яаралтай барьж өгөх шаардлагыг Соёлын яам, Засгийн газарт хүргүүллээ. Мөн циркчдийн соёлын өв болсон хуучин циркийн барилгыг шинэчлэн ордон барьж өгөхийг шаардав.
Түүнчлэн засварласныхаа дараа Монголын үндэсний цирк ямар бодлого баримтлан, хэрхэн ажиллах талаар албан ёсоор тайлбар авахыг хүсэж, албан бичиг хүргүүлж байгаа юм.
Энэ шаардлагууд амин чухал учраас Засгийн газар хүлээн авна гэж найдаж байна гэж Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбооноос мэдээллээ.
Монгол Улсад циркийн урлаг үүсэж, хөгжөөд 79 жил, Циркийн сургууль байгуулагдаад 80 жил болж байна. Нэгэн үе дэлхийг шуугиулж байсан Монголын циркийн барилгыг 13 жилийн өмнө хувьчилснаас хойш бүхэл бүтэн урлагийн төрөл бодлого алдагдаж, залгамж халаа нь бэлтгэл хийх байргүй, төгссөн жүжигчид нь цалингүй, өөрсдийгөө ажлын байраар хангаж, тус бүрдээ студи, продакшн болж хуваагдан оршин тогтнохоос аргагүй болжээ.
Монголын циркчдийн анхны бөгөөд эцсийн зогсоол болсон хуучин циркийн барилга 2015 онд галд өртөж, улмаар МХЕГ-аас ашиглаж болохгүйг мэдэгдэж, акталжээ. Иймээс Монгол Улсын Консерваторийн Бүжиг циркийн сургуулийн Циркийн тэнхимийн сурагчид майхан циркт бэлтгэл хийж байна. Гадаа хүйтэн болж байгаа учраас цаашид энэ байдлаар бэлтгэл хийх боломжгүй болсон байна.
Түүнчлэн 1971 онд ашиглалтад орсон зориулалтын барилгыг хувьчилж авсан байгууллага нь шинэчилж байна гэсэн нэрийдлээр үндсэн хийцийг нь өөрчилж буйд уран бүтээлчид зовниж байна.