Энэ сарын 22-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх /НЭХДЗШШ/-ээс шүүгдэгч Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Ундармаа, түүний өмгөөлөгч П.Баасанжав, О.Сайнгэрэл нар НЭХДЗШШ-д давж заалдах гомдол гаргасан. Улмаар Б.Ундармаад холбогдох хэргийг хянан хэлэлцэж хорих ялыг бууруулан 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Мөн шүүгдэгч Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Батбаярын Ундармааг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгуулсан гэх хэрэгт гэм буруутайд тооцож байв. Улмаар Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм.
Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хэргийн оролцогч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу, Шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ундармаад нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.