Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар "Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөгөөн зохион байгуулж, AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл" төсөл болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг танилцууллаа.
Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лукас урилгаар оролцож, орон нутгийн тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч Хоршоодын гишүүд, үйлдвэрүүд, олон улсын байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн иржээ. Зөвлөгөөний үеэр тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч малчдын Хоршоодын тогтвортой, гэрчилгээжсэн, мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг танилцуулж, Монголын ноос, ноолуур үйлдвэрлэлд тогтвортой байдлын зарчим, шаардлагуудыг хэрхэн тусгах боломжийн талаар санал солилцлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г. Батсуурь зөвлөгөөнийг нээж хэлэхдээ, малчнаас хэрэглэгч хүртэлх нэмүү өртгийн сүлжээний үе шат бүрт байгальд ээлтэй, нийгэмдээ тэгш хүртээмжтэй, эдийн засгийн хувьд алдагдалгүй үйлдвэрлэл буюу тогтвортой байдлыг хэрэгжүүлэх нь Монголын ноос, ноолуурын үнэлэмжийг нэмэгдүүлэх, Монголын үйлдвэрлэгчдийг дэлхийд таниулахад ач холбогдолтой хэмээн онцлов.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лукас төслийн ач холбогдлыг үнэлж, тогтвортой түүхий эд бэлтгэлийг хангах гэж өнөөг хүртэл хүчин зүтгэж ирсэн хоршоодын хамт олонд талархал илэрхийллээ.
Хоршоод байгальд ээлтэй, нийгэмд тэгш хүртээмжтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй буюу тогтвортой аргаар ноос, ноолуур бэлтгэж, нэмүү өртгөөр гадаад, дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж байгаа сайн жишээ байна. Ингэснээр малчдын орлого нэмэгдэж, түүхий эдийн эргэлт баталгаатай болж байгаа тул малын чанарт анхаарах, тоог нь бэлчээрийн даацад тохируулан бууруулах, бүр цаашилбал монгол ахуй соёл, монгол малын ноос, ноолуурын үнэ цэнийг дэлхийд таниулах боломж бүрдэж байна.
Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монголын тогтвортой ноос, ноолуурын үйлдвэрлэлийг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулж, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхээр бэлтгэлээ.
Германы зохиолч, сэтгэгч, гүн ухаантан, натуралист, төрийн зүтгэлтэн И.В.Гёте эл жүжгийн зохиолыг туурвихад амьдралынхаа 60 жилийг зарцуулсан гэдэг. Тэрбээр энэхүү жүжгээ олны дунд их түгсэн Фауст гэх эрдэмтний тухай герман ардын домгоос сэдэвлэжээ.