Сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагуудаас нэгдэж 29 дүгээр сургуулийг захирал, багш нарын ур чадвартай холбоотой асуудлыг хөндөж Боловсролын яаманд хүргүүлсэн. Энэ талаар шаардлагын хариуг багш хөгжлийн ордонд өглөө. Тэд шаардлагаа Боловсролын яаманд хүргүүлсэн ч хариугаа Багш хөгжлийн ордноос авсан юм.
Сонсголгүй иргэдийн төлөөлөл “Энд сургалт зохион байгуулсан зэрэг мэдээллийн чанартай зүйлс байна. Бидний шаардлага бол 29 дүгээр сургуулийн захирлыг солих, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах хүнийг захирлаар томилох шаардлага хүргүүлсэн. Сонсголгүй бидний хувьд амаар сургалт авах ямар ч боломжгүй. Гэтэл амаар хичээл заана, дээрээс нь дохионы хэлний чадвар тааруу байгаа зэрэг асуудлуудыг хөндсөн” гэв.
“Сургалтын үйл ажиллагаа явуулахад сургуулийг удирдаж байгаа хүмүүс тусгай хэрэгцээт иргэдийн боловсролын мэдлэг чадвартай тухайн хүмүүсийнхээ дотоод сэтгэлийг мэдэрдэг, тулгамдсан асуудлыг шийдэх чадвартай хүмүүс байх ёстой. Боловсролын салбарын хөгжил, боловсролын системийг томоор нь харах хэрэгтэй болоод байна. Удахгүй яамнаас та нарын хүлээсэн мэргэжлийн дотоод амьдрал зүрх сэтгэлийг чин ойлгодог, эргээд асуудлаа тавихад хүлээж авдаг удирдлагыг томилно гэж найдаж байна” гэсэн юм.
Энэ үеэр 29 дүгээр сургуулийг төгссөн сурагчид 7-8 дугаар ангийн боловсрол эзэмшдэг, улмаар ажил олдоггүй зэрэг бэрхшээл тулгарч эрх нь зөрчигдөж байгааг онцлов. Багш хөгжлийн ордны зүгээс энэ төрлийн боловсон хүчин дутмаг, чадварлаг багш нар тэтгэвэртэй гарсныг хэлж байлаа.
Тэд зөвхөн эх хэл буюу дохионы хэлээр боловсрол эзэмших шаардлага хүргүүлсэн ч яамны зүгээс үл хайхарсан байдалтай байна. Сонсголын бэрхшээлтэй, хэлгүй сурагчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байна.