Монголын театр урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах зорилготой "Альфа" постдрамын театр үүдээ нээхэд бэлэн болжээ. Мэргэжлийн найруулагч, уран бүтээлийн баг хамт олны үүсгэн байгуулсан тус театр Германы алдарт зохиолч И.В.Гётегийн "Фауст" жүжгээр нээлтээ хийх гэж байна.
Энэ талаар жүжгийн ерөнхий продюсер Т.Ганболд, “Дэлхийн театрын хөгжлийн чиг хандлага цаг хугацаагаа даган хувьсаж, залуусын сэтгэлгээ, мэдрэмжийн хурд улам өссөөр орчин үеийн нийгэм нэн шинэ үеийн театрыг үгүйлж байна. 1990 оноос хойш олсон ардчилал, урлагаар дамжсан эрх чөлөөг бид өөрсдийнхөө оюун ухаанд дэлхийн хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэн сэтгэж, зөв амьдрахын төлөө боломж, орон зайгаа ашиглаж нийгэмд эергээр нөлөөлөхийн төлөө энэхүү театрыг байгуулсан юм. Театрын хөгжил өрсөлдөөндөө оршдог. Тиймээс манай улсад шинэ театр олон байгуулагдаж, өөр өөрийн урсгал хэв маягаар өрсөлдөөнийг бий болгон түүгээрээ үзэгчдийн соён гэгээрэл, оюун санаа, сэтгэлгээний түвшинг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Зохиолч зохиолоо 300 жилийн өмнө бичсэн ч өнөөгийн манай нийгмийн бодит амьдралтай яв цав таарч байгаа нь гайхалтай юм” гэв.
Харин ерөнхий найруулагч М.Батболд, “Театр бол мэдрэмжийг мэдрэмжээр дамжуулж мэдрэмжид хүргэдэг өвөрмөц нэгэн ертөнц юм. Германы агуу сэтгэгч И.В.Гёте “Фауст” зохиолоо 60 жилийн туршид ирээдүйн тухай зөгнөж бичсэн байдаг. “Фауст” жүжгийг магадгүй 100 жилийн дараа тоглоход ч хуучрахгүй. Энэ удаад шинэ илэрхийлэмж, шинэ техник технологийн дор постдрамын чиглэлээр найруулан тавьж буйгаараа онцлогтой. Постдрам гэдгийг шинэ драм, орчин үеийн драмын жүжиг гэж ойлгож болно” гэлээ.
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн "Гамлет", М.Сервантисын "Кихот ноён", И.В.Гётегийн "Фауст"-ыг нэрлэдэг. Тэгвэл “Фауст” жүжгийг ОХУ-ын Театр урлагийн академи (ГИТИС)-ийг драмын найруулагч мэргэжлээр дүүргэсэн М.Батболд шинэчилсэн бүрэлдэхүүнээр дахин найруулан тавих юм.