Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өнөөдөр /2020.10.22/ 547 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээллээ.
Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 328 болж байна. Үүнээс 312 нь эдгэрсэн бол 16 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ эмчлүүлж байна.
Тодруулбал, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа арван хүний биеийн байдал хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. ЭМЯ Covid-19 цар тахлын тархалтын талаар өдөр бүр мэдээлэл хийдэг байсан бол одоо зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт 11.00 цагаас мэдээллээ хийдэг болсон билээ. Дашрамд дурдахад, Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн цагаас хойш эрүүл мэндийн салбарынхан өнөөдрийг хүртэл 84058 хүнд шинжилгээ хийсэн бол нийт 30239 хүн тусгаарлагджээ.