Монгол улс далайд гарцгүй орон. Тиймдээ гаднаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг. Бидний амьдралын өртөг өндөр байдаг гэсэн үг. Далайд гарцгүй орнуудын хувьд агаарын тээврийн салбар чухал ач холбогдолтой салбар. Тэгэхээр агаарын тээврийн салбарыг манай улсад яаж хөгжүүлэх боломж байна вэ гэсэн сэдвийг ӨРӨГ хэлэлцүүлэг энэ удаа хөндлөө.
Ковидоос болж гадаадад гацсан Монголчуудаа авчрах хуваарьт бус нислэг дээрээ МИАТ компани өндөр үнэтэй тасалбар бичсэн үү?
МИАТ ТӨХК-ийн дэд захирал Н.Ганболд:
МИАТ компанийн үндсэн орлогын 90 гаруй хувийг нислэгийн үйл ажиллагаанаас олдог. Зарим нислэгүүд алдагдалтай байдаг. Орлого олж байгаа нислэг дээрээ компанийн зардлаа шингээнэ.
Хуваарьт бус нислэгийн үнэд хоолны зардал оруулсан байна гэсэн шүүмжлэл яваад байгаа. Халдвар тархалтын нөхцөл, горимд нийцэхгүй байна гэдэг үүднээс хоолоор үйлчлэхийг УОК зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ зарим нислэг дээр бол хоолны үйлчилгээ байгаа.
УОК-оос өгсөн зааврын дагуу халуун хоол хориотой учир ариутгагсан хүйтэн зууш, хоолоор үйлчилсэн. Нийт хуваарьт бус нислэгүүдийг харвал халдваргүйжүүлэх горимд нийцүүлсэн үйлчилгээг л үзүүлж байна.
Ковидоос болж дэлхий даяар агаарын ачаа тээврийн үйлчилгээ эрэлттэй байгаа. МИАТ ТӨХК энэ үйлчилгээг үзүүлэх боломжтой юу?
МИАТ компанийн хувьд шууд карго тээвэрлэх зориулалтын онгоц байхгүй. Гэхдээ коронагийн үед авиа компаниуд хүндрэлтэй байгаа ч гэсэн боломж гарч ирсэн. Бид дөрөвдүгээр сараас эхлээд 40 гурай удаагийн карго нислэг хийсэн. Карго нислэг хийхдээ манайх Бойнг 7-67 онгоцны зорчигчийн суудлыг бүгдийг нь аваад карго ачаа ачиж ниссэн. Ер нь бол дандаа эмнэлгийн маск, хувцас зөөсөн. Ачаагаа Хятадын 3- 4 хотоос аваад Европ , Арабын улсууд руу нийтдээ 40 гаран нислэг хийсэн байна.