Эх сурвалж: www.factcheck.mn
Нягталсан Ц.Тамир (MCIR)
Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй.
Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар "Энэ бол Леннон "Lost Weekend" цомгийнхоо ажлыг дуусгасны дараа, ням гарагийн үдэш байсан" хэмээн дурсжээ.
Харин дээрх эвлүүлгийн эх болох нэрт эрдэмтний сууж буй зургийн талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Б.Ринчений нэрэмжит шагналт, доктор Э.Пүрэвжаваас тодруулахад 1957, 1958 оны орчимд Хүрхрээ зусланд гэрийнхээ үүдэнд сууж буй зураг болохыг хэлсэн юм.
Түүнчлэн “Зураг түүх өгүүлнэ. 1968.7.10-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар ИБУИНВУ-ын иргэн нөхөр Ж.Ленноныг империализмын эсрэг, энх тайвны төлөө үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан учир "Алтан гадас" одонгоор шагнасан байдаг. Тухайн үед мэдээлээгүй. Билгүүн номч Б.Ринчен, Ж.Леннон нарын Монголд хамт авахуулсан зураг ийм учиртай юм. Ер нь бол нэг будлиу тойрон хүрээлэгч Ж.Ленноныг хоёрын нууц хүүгийн ач хүү юм" гээд ойлгуулчихсанаас болсон гэж бас ярьдаг. Андуурснаа мэдээд нууцалсан ч гэх юм билээ” гэсэн тайлбартай бас нэг зураг тараад буй.
Тэгвэл уг зураг нь мөн эвлүүлэг байна. Тэрхүү гэрэл зургийн эх зураг нь 1969 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Жон Леннон, Ёоко Оно нар Оттовагийн Парламентын ордонд Канадын Ерөнхий сайд Пьер Эллиот Трюдотой уулзах үеийг хальсанд буулгасан нь энэ аж.
Тиймээс эдгээр зураг нь олныг төөрөгдүүлсэх зорилгоор эвлүүлсэн ташаа мэдээлэл юм. Бид Гүүглийн зургийн хайлтын систем болон дээр дурдагдсан аман эх сурвалжуудыг ашиглан нягталж шалгалаа.