Энэ сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар халамж хавтгайрсан мөн хоолны талон зорилтот бүлгийн хэрэглэгчдэд хүрэхгүй байна гэх асуудал хөндөгдсөн. Бид энэ асуудлын хүрээнд сурвалжилга бэлтгэлээ.
СХД-ийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс өгч буй мэдээллээр 2014 онд 1700 орчим өрх хоолны талон авдаг байсан бол 2017 онд энэ тоо 5400 болж өсжээ. 2020 онд тухайн судалгаа явагдах байсан ч сонгууль болон коронавирус гэх зэрэг шалтгаануудын улмаас 2021 онд явагдахаар болжээ. СХД 330 гаруй мянган хүн амтай. Үүнээс 80 гаруй мянган иргэн нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг байна.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг амьжиргааны төвшин тогтоох судалгаагаар 292.5 оноо авсан иргэд авдаг.
Хүнсний эрхийн үйлчилгээ олгоход өрхийн орлогоос гадна тухайн өрхийн амьжиргааны түвшингээр нь тодорхойлдог. Тухайн өрхөд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна уу. Ахмад настантай байна уу, ажил хийх боломжтой гэх зэргийг харгалзаж орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн оноог бодож гаргадаг юм байна.
СХД-ийн 22 дугаар хороо 3384 өрхтэй, 12089 хүн амтай. Үүн дунд нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай 789 өрхийн 3113 иргэн байна гэх статистик гарчээ.