Засгийн газрын хуралдаанаар хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын жишгийн дагуу НАЙМАН мянган хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоог 103-аар нэмэгдүүлсэн төсвийн шийдвэрийн тухай ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.
Энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх: "Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8 мянган хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуйн нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах хэрэгтэй байна" гэв.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 5 мянга 43 хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон байна.
Зөвхөн энэ оны байдлаар гэмт хэргийн улмаас 762 хүүхэд хохирсноос 82 хүүхэд нас барсан байна. Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болов.
Хэрэв энэ асуудал дээр ямар ч арга хэмжээ авахгүй байвал 2025 он гэхэд зөвхөн бэлгийн хүчирхийллийн хохирогч болох хүүхдийн тоо жилдээ 500 хүрнэ гэх статистик судалгаа байна.