Энэ сарын 20-23-ы өдрүүдэд Богдхан уулын мод, ургамал, түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглаж байгаа эсэх, хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор хяналт шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтын явцад 20 гаруй отог, 260 гаруй иргэдийн хууль бус үйлдлийг илрүүлсэн.
Экологийн цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтран энэхүү ажлыг хийж буй юм.
Дархан цаазат газраас байгалийн мод, ургамал, ойн дагалт баялаг буюу хуш модны самрыг түүж бэлтгэхийг хориглодог.
Хяналт шалгалтын хүрээнд дархан цаазат газраас Хуш модны самар түүж бэлтгэсэн, боловсруулсан болон бусад хууль бус үйлдлийг илрүүлсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг авч ажиллахыг анхааруулж байна.
Хэрэв та хуш модны самрыг түүж, бэлтгэх бол ес дүгээр сарын 10-наас дараа оны гурав дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ. Харин ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад 21 хүртэл хоногийн хугацаатайгаар судалгаа шинжилгээний зориулалтаар нэг удаа 10 кг, ахуйн зориулалтаар нэг удаа 25 кг хүртэл түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.