
“Voice of Mongolia” шоуны шилдэг таван оролцогчдоос бүрдсэн “The Raisins&Nuts” хэмээх хамтлаг энэ сарын 18-нд “So long” гэх шинэ дуугаа гаргаад байгаа юм.
Энэ талаар продюсер Б. Наранзун, “Voice of Mongolia гэх шоу тэмцээнд амжилттай оролцсон таван залуу одоогоос дөрвөн сарын өмнө хамтлаг болох хүсэлтэй байгаагаа хэлээд надтай уулзаж байсан юм. Тухайн үед би их завгүй байсан учраас “эргээд холбогдъё” гээд хаяж байсан. Харин эдгээр таван залуучууд маань маш шаргуу, тууштай байж надтай маш олон удаа холбоо тогтоосон. Улмаар дахин уулзаад үзэхэд залуусын маань уран бүтээлээ хийх гэсэн хүсэл нь оволзож байсан учраас ажлын хажуугаар яалт ч үгүй хамтран ажиллах болсон. Залуусын хүсэл, зорилгыг нухацтай ярилцсаны эцэст boyband буюу залуусын хамтлагийг байгуулах шийдвэрийг гаргасан.
Шинэ хамтлаг, дуучид урлагт хөл тавихад тулгардаг эхний том асуудал нь санхүү байдаг. Уран бүтээл бүтэх явц нь их хэмжээний зардалтай. Иймд шинэ залуу уран бүтээлчдэд туслах, менежментийг нь хийх зорилгоор “Leto music label”-г байгуулсан.
Үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацаандаа бид дуучин Наагийгийн шинэ цомог болон "The Wasabies" хамтлагийн цомгууд дээр ажиллалаа. Энэ удаад “The Raisins and Nuts” хамтлагийг танилцуулж байна. Монголын урлагт шинэ залуус их хэрэгтэй.
Хамтлагийн нэрний утга нь, хүмүүс өөр хоорондоо адилгүй амтанд дуртай. Зарим нь давстай самарт дуртай байхад зарим нь чихэрлэг зүйлд дуртай. Тиймээс хамтлагийн гишүүдийн зан чанар, өнгө аястай уялдуулж, “The Raisins and Nuts” нэрийг өгсөн. Товчоор бол “The R&N” юм” гэв.