Томуу томуу төст өвчин нь жил бүрийн 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр ихсэх хандлагатай байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс хүүхэд ахмад настан, хүнд өвчтэй иргэдийг вакцинжуултад хамруулдаг.
Энэ талаар хүүхдийн эрчимт эмчилгээний эмч С. Энхцолмон, "Хүйтний улирал эхэлж буй энэ үед дархлаагаа дэмжих нь маш чухал. Элдэв витамин хэрэглэснээр хүний дархлаа сэргэдэггүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн гол нь нойроо сайн авч шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй. Хэрвээ хүүхэд томуугийн халдвараар өвчилсөн бол гэрт нь гам бариулж цэцэрлэг сургуульд нь явуулж болохгүй. Энэ нь вирусийн халдварыг тархаахгүй ба улмаар өвчний хүндрэл үүсэхгүй юм" гэв.
Ташрамд, энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлээд хүүхдийн арван эмч томуу, томуу төст өвчинтэй холбоотой зөвлөгөөг 18000119 дугаарын утсаар өгч байна.