Энэ оны есдүгээр сараас угаартсан гэх иргэдийн дуудлага эхэлсэн байна. Одоогийн байдлаар угаарын 138 дуудлага бүртгэгдсэнээс нэг хүн амиа алдсан талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн албаны дарга Р. Даваадорж мэдээллээ.
Тэрээр, "Эмнэлгийн орчинд, эмчийн гар дээр нас барсан тохиолдолд эрүүл мэндийн системд тухайн хүний үхлийг бүртгэдэг. Харин эмнэлгийн тусламж аваагүй, угаартаж амиа алдсаныг нь хожимдож хэн нэгэн мэдсэн тохиолдолд эрүүл мэндийн системд тухайн хүний үхлийг бүртгэдэггүй" гэв.
Сүүлийн жилүүдэд утаанбаатар болсон нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тал дээр эрх баригчид шийдвэртэй алхмыг хийхээр зорьсон. Улмаар Засгийн газрын 62дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж байсан юм. Үүний үр дүнд агаарын бохирдлын хэмжээ 30 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Гэсэн хэдий ч цэвэр агаар хүсэмжилсэн иргэд, үүнийг бүтээхээр ажилласан эрх баригчдын шийдвэрийн золиосонд хичнээн хүний амь эрстсэн бэ?
Энэ сарын 5-нд хуульч Н. Ариунболд, сайжруулсан шахмал түлшийг зөвхөн стандартад нийцсэн зууханд түлэх ёстой талаар мэдээлсэн.
Энэ үеэр тэр, "Угаарын хийн улмаас олон арван хүний амь нас эрстэж байна. Надтай угаартаж нас барсан иргэдийн ар гэрээс холбогдож энэ асуудлын үнэн шалтгааныг олж өгөх талаар гомдол гаргасан. Миний бие хуульч хүний хувьд энэ талаар судалгаа хийж эхлээд байгаа. Гэвч угаартаж амиа алдсан нийт иргэдийн тоог ч олж чадахгүй байна. Би ЦЕГ, ЭМЯ гээд холбогдох байгууллагуудад хандсан боловч надад тоо баримтын мэдээлэл өгөөгүй. Угаартаж амиа алдсан иргэдийн тоог нууцалж байна" гэсэн юм.
Энэ өвөл угаартаж амиа алдах эзэнгүй хохирогчид хэд байгаа бол?
Айлуудын янданг хөөлж өгч буй их ажил нь үр дүнгээ өгөх болов уу?