БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Яндангаа хөөлье” аяныг санаачлан улс орон даяар эхлүүлсэн.
Аяны хүрээнд олон зорилтот ажлууд хийгдэж байна. Тухайлбал, “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулж 300 залуусыг ажилтай, орлоготой болгосон юм.
Мөн яндангаа хөөлөх, зуух пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах зэрэг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийг үе шаттай явуулж, олон нийтэд хүргэн ажилласаар байна.
Улаанбаатар хотод 200 гаруй мянган галлагаат айл өрхүүд бий гэсэн судалгаа байдаг. Яндан хөөлөгчид айл нэг бүрд хүрч ажиллах боломжгүй учраас хүндэтгэх шалтгаантай буюу бүл муутай өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөл хүндтэй болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүдэд тусалж үнэ төлбөргүй янданг хөөлж, ханан пийшин зууханд гарсан эвдрэл, гэмтлийг бүрэн засварлаж ажиллажээ.
Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” компанийн яндан хөөлөгчид 15 мянган 343 иргэнд 70119400 утсаар дамжуулан яндан хөөлөх зөвлөгөө мэдээллийг өгч, 6 мянга 122 айл өрхийн янданг хөөлжээ. Тэд айл өрхүүдээр явж яндан хөөлөх зөвлөгөө, мэдээлэл өгөхөд иргэдийн зүгээс түгээмэл гаргадаг алдаа нь хойрго байдал гэдгийг онцолсон юм. Сүүлийн 5-10 жил яндангаа хөөлөөгүй, бүр огт хөөлдөггүй айл өрхүүд ч олон тааралдаг гэдгийг тэд хэлж байна. Түүнчлэн угаарын хий мэдрэгчээ ажиллуулдаг, ажиллагааг тогтмол шалгадаг айл өрхүүд тун цөөхөн байгааг яндан хөөлөгчид хэлсэн. Тамхины утаа, хоол, хүнс хайрах зэрэгт ажиллаж дуу гардгаас нь төвөгшөөн олон айл өрхүүд угаарын хий мэдрэгчээ зориуд салгадаг байна. Энэ нь эрсдэлтэй үед шаардлагатай тусламж, арга хэмжээ авах боломжийг бууруулдаг.