УИХ-ын гишүүн асан Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эмгэнэл илэрхийллээ.
Тэрээр, "Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, журмын нөхөр Мигэддоржийн Батчимэг өвчнөөр таалал төгссөнд гүнээ харамсаж байна. Тэрбээр Монгол Улсад ардчиллыг бойжуулан хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ардчиллын үйл явц болон төрийн бодлого боловсруулах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний байр суурийг бататгахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан залуу манлайлагч байв. М.Батчимэг нь 2009 онд 36 насандаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдох хүртлээ Стратегийн судалгааны хүрээлэнд судлаачаас эхлэн ахлах судлаач, зөвлөх, тэргүүлэх шинжээч хүртэл дэвшиж, мөн Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан.
Улмаар 2012-2016 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа 19 хууль, тогтоолын төслийг санаачилж, өргөн барьснаас Монгол хэлний тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиудыг батлуулсан нь түүнийг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллахаар олон жил бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин байсныг харуулдаг. Түүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажилласан чадварлаг дипломатч байв. Түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.