Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны 9-10 дугаар сард 21 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссон.
Иргэдийн зүгээс давтамжтай хэлж байсан саналуудын нэг нь зуншлага муутай, ган болсон аймгуудад малын ашиг шим, малчдын орлого буурч, бэлчээрийн хомстлоос үүдэн малчид хөрш болон бусад аймгуудын нутагт оторлон нүүж байгаатай холбоотой асуудал байсан юм. Улмаар зуншлага муутай байсан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд, мөн Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудын зарим нутагт өвөлжилт хүндэрч, малчдын амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүсээд байгааг малчид хэлж байв.
Иймээс ган болсон аймгуудын малчдын саналыг үндэслэн тэдэнд тулгараад байгаа хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх талаарх шуурхай уулзалтыг өнөөдөр 09:00 цагаас зарлалаа.
Энэхүү уулзалтад тухайн аймгуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон аймгийн удирдлагууд оролцоно.