Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтыг маргааш эхлүүлэхэд бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай СЕХ-ноос өнөөдөр мэдээлэв.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, “Санал хураалтыг ил тод, шударга, эмх цэгцтэй, хуулийн хүрээнд явуулах бүх нөхцөл бололцоог хангаж бэлтгэлээ базаасан. Сонгууль маргааш өглөө 07.00 цагт эхэлж оройн 20.00 цагт өндөрлөнө. Улсын хэмжээнд шат шатны сонгуулийн 2148 хэсгийн хороонд 21400 төрийн албан хаагч ажиллаж байгаа” гэв.
Засгийн газраас баталсан COVID-19 цар тахлын үед ээлжит сонгууль явуулах тухай журмын хүрээнд сонгуулийг зохион байгуулах бөгөөд ирцтэй холбоотой мэдээллийг 12.00, 15.00, 19.00 цагт гурван удаагийн давтамжтай танилцуулахаар төлөвлөжээ. Санал хураалтын дараа хууль зааны дагуу бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг саналын хуудасны 50 хүртэлх хувьд явуулахаар чиглэл хүргүүлсэн байна. Ингэхдээ тухайн хэсэгт байгаа нам, эвслийн ажиглагчдын сонголтоор ил тод тоолно гэдгийг тэмдэглэв.
Харин сонгуулийн дүнг дэлгэцээр мэдээлэх техникийн боломж байхгүйг хэллээ. Учир нь улсын хэмжээнд 8 мянган мандатад 17 мянган нэр дэвшигч өрсөлдөж байгаа тул бүгдийг нь дэлгэцэнд танилцуулах боломж хомс ажээ. Тиймээс хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн Сонгуулийн хороо санал хураалтын дүнг баталгаажуулах юм.
Гэхдээ СЕХ-ноос ил тод байдлыг хангах үүднээс маргааш оройноос нөгөөдөр хүртэл өөрийн вебсайтаараа дамжуулан сонгуулийн дүн мэдээг танилцуулах аж. Сонгуулийн дэг журмыг хангах болон цар тахлын үеийн онцгой дэглэмийг сахих үүднээс цагдаа, мэргэжлийн хяналт, төрийн тусгай, онцгой байдал зэрэг хууль, хяналтын байгууллага өөр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллана гэдгийг дурдлаа.
Өнөөдөр 09.00 цагт битүүмжилсэн явуулын хайрцгаар санал хураалт эхэлж 20.00 цагт дуусгах юм. Үүгээр сонгуулийн хэсэгт очих боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай сонгогчдын саналыг авч байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд нийт 2 сая 140 мянга 95 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Тэдгээрийн 126 мянга 194 нь түр хасав тэмдэглэгээтэй байна. Нийслэлд нийт нэг сая 45226 сонгогч байгаагаас 90 мянга 48 нь түр хасав тэмдэглэгээтэй байгаа гэдгийг УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан мэдээллээ.