“Apple” компани Купертино хотод шинэ “iPhone 12” гар утасныхаа дөрвөн загварыг танилцууллаа. Стандарт “iPhone 12” хувилбараас гадна жижгэрүүлсэн “iPhone 12 mini”, мөн “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” хувилбаруудыг бас танилцуулсан байна.
Эдгээр загвар бүгд үүрэн холбооны 5G сүлжээ дэмждэг, OLED технологийн дэлгэцтэйгээрээ онцлог болжээ. Өмнө нь хямд загваруудыг LCD дэлгэцээр тоноглож байсан юм.
Дөрвөн загварт мөн “iPad Air”-ийн шинэ загвар шиг “A14” процессор суурилуулсан байна. Жижгэрүүлсэн транзисторын ачаар гүйцэтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, мөн эрчим хүчний хэрэглээг 30 хувиар бууруулах боломжтой болжээ.
Загвар хийцийн хувьд бага зэрэг өөрчлөгдсөн байна. “IPhone 5” загварын үеийнх шиг ирмэгүүд нь хавтгай болж төхөөрөмжүүдийн зузаан нимгэрчээ.
Түүнчлэн шинэ “iPhone”-уудад шинэ MagSafe систем нэвтрүүлсэн нь эх бие дотор нь байрлах соронзон тогтоогч юм. Үүний тусламжтай гар утасны гэр, хэтэвч, цэнэглэгч зэрэг төрөл бүрийн дагалдах хэрэгслийг ар талд нь нааж тогтоох боломжтой болжээ.