Ирэх сарын 6-8-ны өдрүүдээр “Альфа” пост-драмын театрт Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил болох И.В.Гётегийн “Фауст”-ыг “Корпорэйт” зочид буудлын тоглолтын их танхимд тоглоно.
Монголын театр урлагийн хөгжлийг шинэ төвшинд гаргах, нийгмийн сэтгэлгээний төвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон “Альфа” пост-драмын театрыг байгуулсан юм.
2018 онд найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг Монголын үзэгчдэд анхлан хүргэж байв. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн энэхүү жүжиг нь хоёр бүлэг, 14 үзэгдэлтэй билээ.
“Фауст” жүжгийн гол дүрүүдэд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Т.Бархүү нар тоглоно.