Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ, аймгийн ээж нарт “Эхийн алдар” одон гардууллаа.
Энэ жил Хөвсгөл аймгаас нийтдээ 531, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 41, Хоёрдугаар зэргийн одонг 490 ээжид тус тус хүртээсэн юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, “Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, бидний хамгийн үнэт баялаг болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн болгон төлөвшүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудыг төрүүлэн өсгөж, эрүүл бие, саруул ухаантай иргэдийг хүмүүжүүлж байгаагаараа эхчүүд Та нар эх орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хосгүй их хувь нэмэр оруулж, үнэмлэхүй хөрөнгө оруулалтыг хийж байдаг.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Хөвсгөл аймгийн эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин чин сэтгэлийн халуун талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.