Энэ оны Нобелийн Энх тайвны шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөр хүртэхээр боллоо.
"Өлсгөлөнтэй тэмцэхэд гаргасан хүчин чармайлт, мөргөлдөөний бүсүүдэд энх тайван тогтооход оруулсан хувь нэмэр болон өлсгөлөнг дайн, мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахаас урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэснийх төлөө" энэхүү шагналыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгохоор шийдлээ гэж Норвегийн Нобелийн хорооны дарга Берит Рейсс-Андерсен мэдэгджээ.
Нобелийн хорооны тайлбарласнаар, тэд өлсгөлөнд нэрвэгдсэн эсвэл өлсгөлөнгийн аюул нүүрлэж буй олон сая хүнд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.
Нобелийн Энх тайвны шагнал нь XIX зууны эцсээр Шведийн бизнес эрхлэгч, зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэн үлдээсэн таван шагналын нэг юм. Бусад шагналаас ялгаатай уг шагналын эзнийг Стокхольмд бус Осло хотод тодруулдаг. Шагнал гардуулах ёслол Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Ослод болно. Энэ жил коронавирусний цар тахлын улмаас ёслолыг Осло хотын захиргаанаас их сургууль руу шилжүүлжээ.