Орхон аймагт МАН-аас нэр дэвшигч Эрдэнэчимэгийн Батжаргалтай богино яриаг өрнүүллээ.
Та өөрийгөө танилцуулахгүй юу? Аль сургуульд, ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Намайг Эрдэнэчимэгийн Батжаргал гэдэг. Би 1988 онд Эрдэнэт хотод төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг ам бүл тавуулаа.
Миний хувьд Эрдэнэт хотын 4-р сургуулийн Химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг 1996-2006 онд төгссөн. Харин 2006-2010 онд МУБИС-ийг түүхийн багш архивч мэргэжлээр төгсөөд, 2011-2013 онд МУИС-д Улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Мөн АНУ, Малайз улсуудад мэргэжлээ дээшлүүлж суралцсан байгаа. Үндсэндээ Улс төр судлаач мэргэжилтэй, тэр дундаа PR-ийн чиглэлээр сүүлийн 10 жил ажиллаж байна.
Одоогоор би “Эрдэнэс таван-толгой ХК-д зөвлөхөөр ажиллаж байгаа. Мөн УИХ-ын гишүүн Д. Батлутын зөвлөх ажилтнаар ажиллаж байна.
Яагаад нэр дэвших сонголтыг хийсэн бэ? Шалтгаан нь юу вэ?
-Улаанбаатар луу сурахаар явсан ч Эрдэнэт хотдоо байнга л холбоотой ажиллаж амьдарч ирсэн. “Эрүүл мэндийн үзлэг”, “Алдрын багана”, “Эрдэнэтийн уурхайчид”, “Сагсан бөмбөгийн баг” гэх мэт төсөл ажлуудыг санаачилж хийж хэвшсэн. Сүүлийн үед Эрдэнэт хотод Улаанбаатартай төстэй хүндрэл сорилтууд тулгараад байна. Энэ нь юу вэ гэхээр, агаарын бохирдол, ажилгүйдэл, түгжрэл гэх мэт. Энэ бүгдийг зүгээр хараад суухыг хүссэнгүй гаднаас олон жил ажиглаж хэлж ярьж байснаас дотор нь ороод ажиллаж гарц гаргалгааг хайж шийдье гэж зорьсон. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрээ дэвшүүлсэн. Хамгийн залуу нэр дэвшигч болж байгаад бас олзуурхаж байгаа. Илүү эрч хүчтэй ажиллах нөөц боломж гэж харж байгаа.
Сонгогдвол нэн тэргүүнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
Сонгогдвол шууд хийж эхлэх гурван ажил бий. Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ. Манай хотод түлшний хүрэлцээ дутагдалтай. 110 мянган хүнтэй хотод жилдээ 30 мянган тонн түлш хуваарилагддаг. Энэ нь хүрэлцээ маш бага гэсэн үг. Үүнийг хялбар шийдэх боломжтой юм л даа. Сайжруулсан түлшний үйлдвэр байгуулчих юм бол давхар утаа бууруулна ажлын байр нэмэгдэнэ гээд нэг сумаар олон туулай буудаж байна гэсэн үг. Мөн Эрдэнэт хотыг өвөл зуны жишиг аялал жуулчлалын төв болгох төлөвлөгөө бий. Хамгийн том цанын бааз, дэлхийд данслагдсан “Эрдэнэт үйлдвэр” уурхай энд байна. Үүнийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож ашиглах ёстой. Ингэснээр Эрдэнэт хот илүү хотын статустай болж дэлхийн хотуудтай эн зэрэгцэхүйц хөгжилд ойртох юм.
Мөрийн хөтөлбөрийнхөө талаар танилцуулаач?
Орхон аймгийн МАН-ын хорооны хувьд энэ жил хүнээ төвдөө тавьсан, хүний хөгжлийг илүүд үзсэн мөрийн хөтөлбөрийн бодлого гаргасан байгаа. Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч гэсэн гурван хэсэгт мөрийн хөтөлбөрөө зангидсан. Хүний хөгжлийг тэргүүнд тавьснаар аймгийн хөгжил илүү хурдасна гэж үзэж байгаа юм. өнгөрсөн жилүүдэд гаргасан бидний алдаа бол бүтээн байгуулалт, барилга байгууламждаа анхаараад байснаас хүний хөгжилд төдийлөн ач холбогдол өгдөггүй байжээ. Энэ нь ард түмэнд илүү хүртээмжтэй, бодитой байх болов уу гэж бодож байна.
Хүн бүрд баримталдаг зарчим, ганхахгүй үзэл бодол гэж байдаг шүү дээ, таны хувьд?
Миний баримталдаг зарчим, үзэл бодол гэвэл байсан газраа байсан шиг байхыг хүсдэг гэх юм уу даа. Өөрөөр хэлбэл аливаа албан тушаалд эсвэл хийж буй ажилдаа нягт хандаж, үнэ цэнийг бүтээхийг чухалчилдаг. Алхам тутамдаа өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг бүтээхийг хичээдэг.
Би их гарц гаргалгааг эрэлхийлж, шийдлийг олж ажиллахыг туйлын их эрмэлздэг хүн. Энэ нь миний хувьд амьдралын утга учраа бүтээж буйн нэг хэлбэр юм. Хамт олон маань миний энэ чанарыг ихэд үнэлж, урамшуулж байдаг. Тийм ч учраас урам орж илүү их ажлын гарц гаргалгааг олж үр дүнтэй ажиллахыг хичээдэг.
Таны хувьд, “би ингээд нэг буруу алхчих вий дээ” гэж эмээх зүйл бий юу?
Байлгүй яах вэ. Манай ээж намайг 19 насандаа төрүүлсэн. Би өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Миний бодлоор өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд үг даадаг, ажилд сайн, зөөлөн сэтгэлтэй байдаг. Тийм ч болохоор эмээ өвөөгийнхөө хажууд буруу гишгэх вий, нэрийг нь муугаар гаргах вий, итгэлийг нь алдчих вий гээд их эмээж явдаг. Тэр хоёр минь одоог хүртэл Эрдэнэт хотод аж төрдөг. Эмээ өвөө, аав ээж гэр бүлийнхнийгээ ихэд хүндэлж, хичээж явдаг даа.
Баярлалаа. Амжилт хүсье.